“Монголжингоо" дээд сургуулийн оюутнууд зодолдож, нэгнийхээ амийг хөнөөжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт хэсэг оюутнууд зодолдож, улмаар нэг нэгнийхээ амийг хөнөөсөн хэрэг 2008 оны есдүгээр сарын 3-ны өдөр гарсан байдаг. Хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа н.Анх-Оргил шүүхэд мэдүүлэг өгөхдөө "Хичээл эхлээд хоёр хонож байсан. Манай найзууд амраад ирэхдээ гэрээсээ тус бүр хэдэн төгрөгтэй ирсэн байлаа. Тэгээд бид нэг газар орж жаахан бүжиглэчихээд, тэндээсээ гараад бөөнөөрөө алхаж явтал өмнөөс хэсэг залуус ирсэн. Тэдэнтэй зөрөх үед манай нэг найзыг тэд мөрлөсөн. Ингээд бидний дунд зодоон болсон.

Зодоонд 30 гаруй залуус оролцсон байх. Бид хэсэг зодолдож байгаад салцгаасан. Тэгээд бид гэр гэртээ харьцгаасан юм. Гэтэл маргааш нь намайг цагдаагийнхан ирж саатуулсан. Энэ үед хүн амины хэрэгт холбогдсоноо мэдсэн. Бидэнтэй зодолдсон залуусын нэг нь зодооны улмаас амиа алдсан юм билээ" хэмээсэн байгаа.

Энэ хэрэгт н.Анх-Оргил нарын таван залууг холбогдуулан шалгасан бөгөөд бүлэглэн танхайрч улмаар хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэргээр 23-25 жилийн ял сонсоход хүрээд байгаа. Тэд 21-23 насны залуус юм билээ. Ийм насны залуус сүүлийн үед санаатай болон санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ.


Өнгөрсөн сард Шинжлэх ухааны технологийн их сургуулийн оюутнууд мөн зодолдож, нэгнийгээ гэмтээсэн хэргээр цагдаагийн газар шалгагдаж байгаа бол "Сутай" дээд сургуулийн оюутнууд мөн танхайрсан хэргээр шалгагдаж байгаа гэнэ. Үүнээс гадна "Монголжингоо" дээд сургуулийн оюутнуудын танилцах үдэшлэг өнгөрсөн сарын сүүлээр болсон байна. Энэ үеэр тус сургуулийн оюутнууд нэгнийгээ зодож, улмаар нэгдүгээр ангийн оюутан Х.Нарангийн аминд хүрсэн хэрэг гарчээ.

Хэргийн талаар тодруулахад, дээрх сургууль оюутны танилцах үдэшлэгээ нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дахь "Өргөө" кино театрын ар талд байрлах "Масс" шөнийн клубт хийжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр танилцах үдэшлэг шөнийн 00.02 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед дөрөвдүгээр дамжааны оюутнууд нэгдүгээр ангийн оюутнуудыг архи авч өгөхийг шаардсан байна. Харин нэгдүгээр ангийн оюутнууд "архи авч өгч чадахгүй" хэмээснээр тэдний дунд зодоон болж, шөнийн клубын харуулууд тэднийг цэнгээний газраас гаргасан аж. Энэ үед дөрөвдүгээр ангийн оюутнууд цөөн тооны нэгдүгээр ангийн оюутнуудыг машиндаа албадан суулгаад ойролцоох гэр хороолол дунд аваачин зодсон байна. Үүний улмаас тус сургуулийн нэгдүгээр ангийн оюутан Х.Наран нас баржээ. Түүний ар гэрийнхний хэлж байгаагаар талийгаач орой 18.00 цагийн үед "Манай сургууль танилцах үдэшлэгтэй" хэмээн гэрээсээ гарч явсан бөгөөд тэрбээр өглөө 00.07 цагийн үед бусдад зодуулсан байдалтай иржээ.

Түүнийг ар гэрийнхэн нь эмнэлэгт хүргэх гэж дуудлага өгсөн боловч түргэний тэрэг ирэхээс өмнө нас барсан байна. Тэрбээр ар гэрийнхэндээ юу болсон талаар хэлэхдээ "Манай сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутнууд архи авч өгөхийг шаардсан. Тэгэхээр мөнгө байхгүй гэсэн чинь машиндаа албадан суулгаж, хотын төвөөс холдуулж байгаад намайг зодчихсон. Тэднийг Батка, Эрка гэх мэтээр дуудаг юм билээ. Манай найз нар тэднийг сайн танина" хэмээжээ.

Хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаагийнхны мэдээлснээр талийгаач Хөвсгөл аймгийн иргэн бөгөөд тэрбээр өнгөрсөн хавар "Монголжингоо" дээд сургуульд элссэн бөгөөд энэ намар дээрх сургуулийн оюутан болж хотод ирээд cap гаруй хугацаа өнгөрч байжээ. Түүнчлэн талийгаач айлын ганц хүү гэнэ. Түүний эцэг, эх хотод ирээд удаагүй байгаа бөгөөд тэдэнтэй холбогдсон боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан. Гэхдээ талийгаачийн ээж "Миний хүү чинь гоё дуулдаг байсан юм. Тэгээд л тэр авьяас нь хөгжиг, олны дунд орж нүд тайлаг гэж бодоод л нааш нь сургуульд явуулчихсан юм. Тэгсэн чинь ийм юм болчихлоо" хэмээн харамсч байлаа.

Хичээлийн шинэ жил, шинэ оны баяр, оюутны төгсөлтийн баяр гэх мэт баярын өдрүүдээр оюутнууд танхайрч зодолдох, бусдыг бүлэглэн дээрэмдэх зэрэг дуудлага сандаргадаг талаар тус дүүргийн цагдаагийнхан ярьсан. Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Баянгол зэрэг их, дээд сургууль ихтэй дүүргүүдийн цагдаагийн хэлтэс оюутны төгсөлтийн баярын үеэр бэлэн байдалтай ажилладагийг хэлж байлаа.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/79080

0 сэтгэгдэл:

Post a Comment