Х.Цагаанбаатарт юу тохиолдов

Манай бөхөд энэ удаагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн “хатуурхаж”, хэвтээ барилдаанаас хориотой мэх хийсэн гэх утгатай шалтгаанаар тэмцээнээс хасав.
Азийн наадмын гурав дахь өдрийн барилдаанд дэлхийн аварга Х.Цагаанбаатар зодоглосон учраас монголчуудын хувьд чухал өдөр байлаа. Харамсалтай нь, эхний өрсөлдөгчөө ялж, хоёр дахь учраа болох Киргизстаны бөхтэй барилдаж байсан манай бөхөд энэ удаагийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн “хатуурхаж”, хэвтээ барилдаанаас хориотой мэх хийсэн гэх утгатай шалтгаанаар тэмцээнээс хасав. Гэнэтийн энэ шийдвэрт гайхаж цожирдсон монголчууд тэнд ч, энд ч шоконд орлоо.
Телевизээр харахад, шүүгчид шийдвэр гаргасны дараа Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох Азийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд хандан, тамирчнаа аврахаар оролдож үзэв. Нэмэр болсонгүй. Ч.Насантогтох багш дөрөв, таван олимпод оролцож, тив, дэлхийн хэдэн арван тэмцээнд тамирчдаа сойсон хүн. Хэрэв Х.Цагаанбаатарын алдаа байсан бол ийм том наадмын шүүгчид рүү тийм зэргийн характер гарган, асах хүн биш ээ. Х.Цагаанбаатар ч тэр.  Олимпийн наадам, тив, дэлхийн бүхий л тэмцээнээс медаль зүүж, дэлхийд эрэмбээрээ бүх жүдочдыг араасаа нэхүүлж яваа манай Цагаанаад дэвжээн дээр хориотой мэх, үйлдэл хийх байтугай, алдаж гишгэхгүйгээ мэдэх хэмжээний туршлага даанч нэг бий.
Тийм ч болохоор олон тэмцээн, олон ялалт, ялагдлын ард гарсан ясны тамирчин хүний хувьд тэр шүүгчдийн шийдвэрт эргэлзэн, дэвжээг орхиж чадалгүй сөхөрч суун хүлээсэн байх. Арга нь барагдаж, тэсрэхдээ шүүгчдэд хүртэл хатуу үг чулуудчихаад дэвжээгээ орхисон болов уу.
Дэвжээн дээр тамирчин хүн ийм зориг, тийм эсэргүүцэл, айхтар эрсдэлтэй үйлдэл гаргах нь мэдээж хэрэг ховор. Магадгүй үүнийх нь төлөө Х.Цагаанбаатарт ямар ч зэмлэл хүлээлгэж болох нь түүнд учирч болох хамгийн аюултай эрсдэл юм.
IJF буюу жүдо бөхийн холбооны шил дараалан хийх болсон дүрмийн шинэчлэлийн талаар олон улс, холбоод янз бүрийн бодолтой байгаа. Энэ удаагийн Х.Цагаанбаатарт тохиолдсон үйл явдал ч үүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой. Өнгөрсөн намар болсон дэлхийн аваргын үеэр л гэхэд IJF-ийн шүүгчидтэй холбоотой маргаан, тамирчдын урмыг мохоосон алдаа нэг бус удаа гарсан  нь илт тодорхой гэмээр байсан ч жүдо бөхийн хатуу ёс жудгийг хүндэтгэсэн олон тамирчин тэдний шийдвэрийг хүндэтгэн, хохирч үлдсэн тал бий. Тамирчид нь хамгийн дэг жаягтай, дүрэм журам нь хамгийн их хүндэтгэл тээсэн энэ спортод шүүлттэй холбоотой маргаан яах аргагүй хүрээгээ тэлснийг Х.Цагаанбаатарын Азийн наадамд хийсэн барилдаан, Х.Цагаанбаатарт тохиолдсон шийтгэл IJF-ийн анхааралд үнэн зөвөөр нь хүргэнэ гэдэгт найдаж байна. Ялагдлын араас дандаа ам асуух гэдэг ард түмэн маань ч цэнхэр дэлгэцээр харсан зүйлдээ итгэж, энэ хүний жинхэнэ тамирчин характерыг нь ухаж ойлгоно гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: http://sport.news.mn/content/39661.shtml

0 сэтгэгдэл:

Post a Comment